Хөгжмийн эгшгээр хөглөгдсөн “Вивачи” сургалт

 

“Нийгэмдээ үнэ цэн өгч буй компаниуд урт хугацаандаа тогтвортой байж чадна”

 

“Вивачи мюзик” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Насанжаргал

 

Түүнийг Г.Насанжаргал гэдэг. Соёл урлагийн их сургуулийн Хөгжмийн багшийн ангид элсэхдээ нөхөртэйгөө танилцаж, өдгөө 4 хүүхэдтэй өнөр гэр бүл болжээ. Тэрээр сургуулиа төгсөнгүүтээ нөхөртэйгөө хоёулаа ерөнхий боловсролын сургуульд хөгжмийн багшаар ажиллаж, арав гаруй жилийн хугацаанд 20 мянга гаруй хүүхдэд хөгжмийн боловсрол олгоход хувь нэмрээ оруулжээ. Тууштай ажилласан нь тэдэнд зургаагаас дээш насны хүүхдэд хөгжмийн боловсролыг хэрхэн олгож, яаж харилцах, хэрхэн заах тал дээр илүү нарийн мэргэшиж, туршлагатай болгосон. Тиймээс 2021 онд “Вивачи” сургалтын төвөө байгуулж төгөлдөр хуур, гитар, үкүлэлэ, хийл зэрэг хөгжмийг хүүхэд, багачуудад зааж эхэлсэн. “Вивачи” гэдэг нь хурдан бөгөөд цоглог хөгжмийн хэмнэлийг илэрхийлсэн итали гаралтай нэр юм. 

Сургалтын төвөө нээхээр болж, ажлаасаа гарсныхаа дараа хамгийн түрүүнд түрээслэх байр хайсан. Одоогийн байр маань сар, сардаа түрээсээ төлөх боломжтой байсан нь анхлан бизнес эрхэлж буй тэдэнд үнэхээр сайхан нөхцөл болсон. Ханаа цагаан будгаар будаж, логогоо зураад, гэрээсээ хөгжмийн зэмсгүүдээ авчраад, фейсбүүк хаягтаа сургалтаа зарлаад эхлүүлж байсан. Өдгөө, анх эхэлж байснаасаа  хөгжмийн зэмсгийн нэр төрлөө 7 дахин нэмэгдүүлж, мэргэжлийн багш нартай болж, байгууллагын фейсбүүк хуудас, маркетингийн төлөвлөгөөтэй болсон нь жилийн хугацаанд гарсан том ахиц дэвшил юм. 

Бизнесийн үйл ажиллагаагаа ахиц дэвшил гарч, амжилттай явж буйн үндэс нь BEST  хөтөлбөр болон Сүхбаатар дүүргийн хөдөлмөр халамжийн хэлтэс, “Инвескор” ББСБ-ийн байгууллагын хамт олны тусламж, дэмжлэгтэй нягт холбоотой. Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн хэлтсийн төслийн шалгаруулалтад бид “Хөгжье, Хөгжилдье” төслөө боловсруулан өгснөөр шалгарч санхүүгийн дэмжлэг авсан. Тус хэлтсээс BEST хөтөлбөрийн талаар сонирхож үзээрэй гэж зөвлөсний дагуу сургалтад очиж хамрагдсан нь бизнесийн үйл ажиллагаанд эергээр нөлөөлөх олон ур чадварыг манай байгууллагад өгсөн. Бид сургалт, зөвлөгөөнд хамрагдсаныхаа дараа бизнесээ албан ёсоор бүртгүүлж, бизнесийн байгууллагын журмаар үйл ажиллагаагаа явуулсан. 

Тэрээр бизнесийн анхан шатны ч мэдлэггүй байсан надад бизнесийн үйл ажиллагаагаа төлөвлөх, удирдахад шаардлагатай бизнесийн ойлголтыг цогцоор, үе шаттайгаар нь өгч хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл авснаар  “Хөгжье, Хөгжимдье” төслөө үргэлжлүүлэхэд бодит дэмжлэг болж чадсан. Энэ төсөл маань ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад хөгжмийн зэмсэг тоглуулж үзүүлж, хөгжмийн боловсролын ач холбогдлыг ойлгуулах зорилготой хэмээн ярилаа. 

Хөгжингүй улсуудад хөгжмийн хичээл дээр нь хөгжим тоглуулж, хөгжмийн боловсролыг бага наснаас нь өгдөг бол монголд өнөөдөр сурах бичиг дээрээс хөгжмөө харж, мэдэж байна. Төгөлдөр хуурын нот уншаад хүн төгөлдөр хуур тоглож сурдаггүйтэй адил, яг бодитоор нь хөгжмийн зэмсгээ бариад тоглож үзэх нь хүүхдэд тэс өөр мэдрэмж, сонирхол төрүүлдэг. Тэд зээлийн санхүүжилтээрээ хөгжмөө захиалаад эхний ээлжид 1200 гаруй сурагчдад танилцуулгаа хийсэн. Энэ ондоо багтааж 10 мянга гаруй сурагчид танилцуулга хийх төлөвлөгөөтэй байгаа аж. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид дээр ороод хөгжим тоглож дуу дуулж өгснийхөө дараа бүгдэд нь үкүлэлэ хөгжим тарааж өгөөд, дагаад давтаад хамтдаа ая тоглоход 20 орчим минут болдог ба дараа нь хөгжмийн ач холбогдлыг танилцуулахад маш анхааралтайгаар хүлээн авдаг байна. Энэ нь тус компанийн нийгмийн хариуцлага төдийгүй урт хугацаандаа бизнесийн үйлчлүүлэгчдээ бэлтгэж буй хэлбэр. ‘Маркетинг гэдэг нь зар сурталчилгаа төдийгүй компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, нийгэмдээ өгч буй үнэ цэн. Залуу бизнес эрхлэгчид маань нийгэмдээ оруулах хувь нэмэр, үнэ цэн, алсын хараагаа нарийн тодорхойлж чадвал урт хугацаандаа тогтвортой, амжилттай бизнес эрхэлж чадна гэж боддог тухайгаа Г.Насанжаргал хуваалцлаа.

 

Товч мэдээлэл

 

Бизнесийн төрөл: Хөгжмийн сургалтын төв

Бүтээгдэхүүн үйлчилгээний онцлог: Хөгжмийн цогц үйлчилгээг үзүүлдэг. Үүнд: Хөгжмийн дэлгүүр, хөгжмийн хамтлаг, соёл урлагийн үйлчилгээ мөн олон төрлийн хөгжмийн сургалттай. Жишээ нь Төгөлдөр хуур, морин хуур, гитар, үкүлэлэ, хийл хөгжим.

Хаяг: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 3-р хороо, Замчдын гудамж, 50-р байр, Виваче мюзик төв

Утас: +976-88108549,88108639 

И-мэйл: vivacesurgalt@gmail.com

Фэйсбүүк хуудас: VIVACE- Виваче хөгжмийн сургалтын төв