Өв соёл, уламжлалаа сурталчлах ширмэл ширдэг 

            “Өдөр ирэх тусам өв соёл, уламжлалынхаа үнэ цэнийг улам их мэдэрч байна” 

                                                                     Бизнес эрхлэгч Д.Хоролсүрэн 

 

“Манайх 2016 оноос өмнө тахианы фермерийн аж ахуй эрхэлдэг байсан бөгөөд ширмэл ширдэг хийхээр сонирхож фермерийн бизнесээ орхиж, үндэсний үйлдвэрлэлд татагдан орсон. Залуу байхад үндэсний өв соёл, уламжлалаа тийм ч их  сонирхож байсангүй. Нас явахын хэрээр өв соёл, уламжлалынхаа  үнэ цэн, утга учрыг нь илүү ойлгож хүндэлж, дурладаг бололтой” хэмээн ярих хүн бол Д.Хоролсүрэн. Хувиараа бизнес эрхлэгч. 

Тэрээр үндэсний онцлогийг шингээсэн  бүтээгдэхүүн хийхээр судалж байхдаа фейсбүүкээс нүд булаам ширмэл ширдэг олж хараад хийсэн эзэнтэй нь очиж уулзжээ. Таны ажилд туслаад ширмэл ширдэг хийж сурмаар байгаагаа  хэлэхэд О.Батцэцэг гэх бүсгүй уриалгахан хүлээн авч мэддэг, чаддаг зүйлээ харамгүй зааж өгчээ. 

Түүний нөхөр нь гарын ур дүйтэй, бүтээлч сэтгэлгээтэй хүн байдаг. Тэд ширмэл ширдэг хийж сурсныхаа дараа ноосоор ямар бүтээгдэхүүн хийж  болохыг судлахын сацуу аливааг яаж сайжруулах вэ, юу хийж болох вэ гэж үргэлж сониуч байх нь хөгжиж дэвшихийн үндэс гэж боддогоо тэр ярив. 

Бага хүү Ц.Баяржаргал нь ээж аавынхаа сонирхлыг дэмжиж, анхны борлуулалтыг амжилттай хийж өгснөөр бизнес болгох эхлэл тавигджээ. Дараа нь 2017 оны Цагаан сараар үзэсгэлэн худалдаанд оролцож загваруудаа танилцуулснаар нэлээд олон захиалгууд авч чадсан нь үйл ажиллагаагаа тогтворжуулахад  эергээр  нөлөөлсөн байна. 

Хүү нь түүний урласан ширмэл ширдгийн зургийг авч, фейсбүүк   дээрээ байршуулж, тогтмол хөгжүүлснээр олон нийтэд хүрч эхэлсэн. Хэлбэр, хэмжээ, загвар, материалыг захиалагчийн хүсэл, сонирхолд тааруулан загвар гаргасны дараа гар аргаар ширж хийдэг учраас цаг хугацаа, хичээл зүтгэл шаарддаг. Захиалгынхаа урьдчилгаа 60 хувийг авч хийдэг болсноор бизнес харьцангуй тогтвортой, баталгаатай хэлбэрт шилжсэн гэж хэлж болно. 

Захиалгууд нэмэгдэх тусам тэд ачааллаа дийлэхгүй байсан тул хүү нь өөрөө бэлдцээ бэлдээд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг сурган хамтран ажиллахаар болсон. 

Түүний хүү нь хөгжлийн бэрхшээлтэй бөгөөд ижил бэрхшээлтэй хүмүүсийг илүү сайн ойлгодог болохоор нөхцөл байдалд нь тохирсон аль аль талдаа харилцан ашигтай боломжийг санал болгосон. Тиймээс ширдгийнхээ  загвар, бэлдцийг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийнхээ гэрт нь аваачиж өгч, хэрхэн хийхийг нь зааж өгөөд, хийж дууссаных нь дараа авах байдлаар аль аль талдаа тустай, дэмтэй ажиллаж байна. 

 

Ийнхүү Д.Хоролсүрэнгийн ширмэл ширдэг үндэсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бизнес болж хөгжөөд зогсохгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах  болсон. Тэрбээр нөхөртэйгөө сонирхлоороо  ширдгээ хийж, хүү нь энэ бизнесийг  илүү сайжруулж дараагийн шатанд хөгжүүлэх санал санаачилгыг гаргаж, хэрэгжүүлж байгаад баяртай байдаг. 

BEST хөтөлбөрийн бизнесийг хөгжүүлэх хурдасгуур хөтөлбөрт хамрагдсанаасаа хойш илүү өргөн хүрээнд, алсын хараатай төлөвлөгөө боловсруулж аж ахуйн нэгжийн зарчмаар ажиллах  хэрэгтэйг ойлгосон. Тиймээс  олж авсан мэдлэг, туршлагаа ашиглаж төслөө илүү боловсронгуй болгохоор зүтгэж байгаа ажээ. Судалгаагаа бүрэн хийж төслөө нарийвчлан боловсруулсныхаа дараа бизнесээ бүртгүүлэхээр төлөвлөж байна. Олон улсад хэдэн үеэрээ өв залгамжлан эрхэлж буй гэр бүлийн бизнесүүд байдаг. Энэ гэр бүлийн бизнесийн алсын хараа бол өв уламжлалаа хойч үедээ  бизнес болгон өвлүүлэн үлдээх юм. Энэ хүслийг  бодит болгох итгэлийг өгсөн BEST хөтөлбөрт талархаж байгаагаа Д.Хоролсүрэн уламжилсан юм.

 

Товч мэдээлэл

 

Бизнесийн төрөл: Ширмэл ширдэг

Бүтээгдэхүүний онцлог: Хурга, төлөгний нарийн ноосыг нүүдэлчдийн уламжлалт нойтон аргаар эсгийрүүлж ширж оёдог.

Хаяг: УБ хот, Баянгол дүүрэг, 18-р хороо, 42-113 тоот

Утас: +976-99163136

И-мэйл: Mahaona1000@gmail.com

Фэйсбүүк хуудас: Ширмэл ширдэг