“Бизнесээ хөгжүүлж, томруулъя гэвэл бизнес эрхлэгч өөрөө байнга өсөж, хөгжих хэрэгтэй”
“Энхрий брэнд” ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Марал
Б.Марал уул уурхайн компанид эдийн засагчаар 10 жил ажилласан. Анх 2018 онд ажлынхаа хажуугаар нэмэлт орлого олох зорилгоор нөхөртэйгөө хамт “Энхрий брэнд” ХХК-ийг байгуулан, хувийн бизнесээ эхлүүлэхээр шийджээ. Тухайн үед тэрбээр ээж болчихсон байсан нь нярай хүүхдийн хувцас хэрэглэлийн салбарт хөл тавихад нөлөөлсөн байна. Анхны бүтээгдэхүүн нь хүүхдэд зориулсан будаг гардаггүй, хог наалддаггүй, сайн чанарын гарын алчуур байв. Гэхдээ лангуунд худалдаалагдах олон алчуураас ялгарах нэг онцлогтой байх хэрэгтэй гээд монгол зураачтай хамтран “Энхрий” брэндийн дүр гаргаж, хэрэглэгчийн нэрийг алчуур дээр бичдэг болжээ. Одоо бол алчуур, баривч, малгай, ороолт, бээлий, нярайн өмд, дэр, өлгий зэрэг 20 орчим төрлийн нярай болон хүүхдийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.
Брэндийн дэлгүүрээ нээх үед нь коронавирусийн халдвараас үүдэж хөл хорио тогтоосон байв. Банкнаас зээл авахаар хөөцөлдөхөд 4-5 сар хүлээж, бизнесийн зээл богино хугацаанд гарахгүй байж. Энэ үед BEST хөтөлбөртэй танилцаж, зээлийн зуучлал хийлгэн, “Инвескор” ББСБ-аас олгосон маш бага хүүтэй зээлд богино хугацаанд хамрагдаж чаджээ. Мөн жижиг, дунд бизнес эрхлэгч нарыг хөгжүүлэх хөтөлбөрт ч нөхрийн хамт хамрагдсан байна.
Б.Марал энэ хөтөлбөрт хамрагдсанаар чанартай олон сургалт, зөвлөгөөг төлбөргүй авч, олон талын мэдлэгтэй болжээ. Бизнесээ томруулахын тулд бизнес эрхлэгч өөрөө байнга хөгжих ёстой гэдгийг ч ойлгосон байна. Мөн хөтөлбөрт хамрагдсан бусад бизнес эрхлэгчээс суралцах боломжтойг олзуурхаж байв. Энэ талаар тэрбээр “Сургалт явуулах арга, хэлбэр нь их өөр байсан. Зөвхөн багш яриад байх бус, багаараа гарц, шийдлийг эрэлхийлсэн хамтын ажиллагаатай байснаараа онцлогтой.
Манайх нэг хатгамлын машинтай байсан нь хүрэлцдэггүй. Зээл аваад хоёр дахь хатгамлын машинаа авсан. Ингээд бүтээгдэхүүний үйлдвэрлэл тодорхой хэмжээнд өссөн. Тухайлбал, хүүхдийн баривч шинээр үйлдвэрлэж эхэлсэн. Бусад зах зээлд байгаа бүтээгдэхүүнийг бодвол манай баривч хатгамлын аргаар хийсэн дүртэй. Дүр нь жил бүр өөр байж болно. Тодруулбал, бар жил бамбарыг дүрээ болгосон. Жил бүр дүрээ өөрчилж болно” гэлээ.
Ирээдүйн төлөвлөгөөнийхөө талаар “Эдийн засаг хүнд байна. Зах зээлээс арчигдахгүй байхыг бид хичээж байгаа. Нэг талаар гутранги сонсогдож магадгүй. Гэхдээ бизнес эрхлэхэд бодит байдлыг сайтар тооцоолох хэрэгтэй. Боломж байвал бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмэгдүүлнэ. Үйлдвэрийнхээ хүчин чадлыг бүрэн ашиглаж, тасралтгүй ажиллахыг хүсэж байна” хэмээн ярилаа.
“Энхрий” брэндийн уриа нь “Энхрий үр минь өөрөө брэнд”. Учир нь таны хүүхдийн нэр ямар ч үнэтэй брэндээс илүү гэдгийг тэд ойлгуулахыг хүсэж, ийнхүү уриалж байгаа аж. Тэд монгол онцлогийг харуулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ ялгардаг. Арван хоёр жилээс сонгосон зурагтай хүүхдийн баривчийг эднийхээс өөр газраас хайгаад олохгүй. Шинэ бүтээгдэхүүн гарах бүрд бага зэрэг алдаа гардаг байна. Гэхдээ “Алдахаас айгаад хийхгүй, хараад, бодоод сууж болохгүй. Эрсдэл үүрч, алдаа гарч байж л бизнес хөгждөг. Хамгийн чухал нь алдаанаасаа суралцаж байх хэрэгтэй” гэлээ.
“Ажлынхаа хажуугаар орлого олъё” гээд бизнес эхлүүлэх гэж байгаа залууст хандан “Анх эхэлж байхад бодсон шиг чинь бүх зүйл амар байхгүй гэдгийг анхаараарай. Өөрийнхөө юу хүсэж, юуг үнэн сэтгэлээр дурлаж хийж чадах вэ гэдгээ сайн бодож, шийдвэрээ гаргаарай” гэж захиж хэлсэн. Өөрийнхөө хийж чаддаг, дуртай зүйлээ олоод, бизнесээ эхлүүлбэл ашиг дагаад л ороод ирдэг гэсэн юм.
Товч мэдээлэл
Бизнесийн төрөл: Бага насны хүүхдийн хувцас үйлдвэрлэл
Бүтээгдэхүүний онцлог: Нэрийн хатгамалтай, монгол агуулга, дүрстэй бүтээгдэхүүн үйлдвэрлэл
Хаяг: Улаанбаатар хот, Зүүн 4 зам
Утас: 80002105
И-мэйл:Enhriibrand@gmail.com
Фэйсбүүк хуудас: Энхрий брэнд



