“Азуй” брэндийн үүсгэн байгуулагч П.Оюун оёдлын салбарт 45 жил ажилласан туршлагатай. Хуучнаар нийтийн ахуй үйлчилгээний яаманд оёдолчин, оёдлын багш, хувийн хэвшилд ажиллаж байгаад 2002 оноос эхлэн компаниа байгуулан хувиараа бизнес эрхэлж байна. Компани удирдах мэдлэг дутмаг, санхүү татвар, гэрээ, тайлан тооцоо гээд асуудлаас төвөгшөөдөг, зарим тохиолдолд харилцагч компаниудтай гэрээ байгуулаагүйн улмаас цаг хугацаа, хөрөнгө мөнгөөрөө хохирох тохиолдол цөөнгүй байв. Энэ мэт асуудлаас үүдэн компаниа татан буулгаж хувиараа оёдол хийх болжээ. Оёдлоо хийсээр байгаад хөгжөөгүй үлдсэнээ BEST хөтөлбөрт хамрагдахдаа анзаарсан гэж тэрбээр  ярив. Оёдлын салбарын онцлог нь санхүүжилт, бараа, материалын нөөц бүгд бэлэн байх ёстой. Гэтэл насаараа оёдол хийсэн атлаа хуримтлалгүй, ялгаралгүй байснаа сургалт, зөвлөгөөнөөс олж мэдсэн байна. 

BEST хөтөлбөрийн сургалт,зөвлөгөөнөөс олон асуултынхаа хариултыг олоод зогсохгүй Рио Тинто ХХК -ийн эх үүсвэртэй “Инвескор” ББСБ-ын олгосон хөнгөлөлттэй зээлд зуучлуулж чаджээ. Хөтөлбөрт хамрагдсанаар өөрийн гэсэн брэндтэй болж, ялгарлыг бий болгох ёстойгоо ухаараад “Азуй” брэндээ үүсгэсэн. П.Оюун Баянхонгор аймгийн “Дөхөм Азуй” гэх газар төрсөн. Ийнхүү төрсөн нутгаараа өөрийн брэндээ нэрлэжээ. 

Хамгийн гол нь П.Оюун оёдлоо маш сайн хийдэг байсан ч бүтээгдэхүүн үйлдвэрлэлдээ хэт төвлөрөөд бизнесийн засаглал болон менежментээ удирдаж мэддэггүй байснаа алхам алхмаар засаж сайжруулав. Мөн түүнчлэн бизнес төдийгүй хувь хүнийхээ хөгжилд маш чухал хувь нэмэр оруулсан байна. Одоогоор 3 бүсгүй, 1 өндөр настан, нийт 4 хүнийг ажлын байраар ханган ажиллаж байна.  

Өмнө нь эдний бүтээгдэхүүнд ямар ч хаяг, размерын тэмдэглэгээ байдаггүй байсан бол бараа бүтээгдэхүүнээ сурталчлах, таниулах ёстойг ойлгож, брэндийнхээ шошго, хувцаснуудын хэмжээг бүтээгдэхүүндээ хадаж эхэлсэн. 

BEST хөтөлбөрөөс өгсөн гарын авлагыг  эмнэлэгт хэвтэхдээ тухтай уншиж, дэвтэр гаргаж тэмдэглэл хөтөлж, өөрийн бизнесийн жишээ нь дээр туршиж байна хэмээн П.Оюун ярьсан юм. 

Хөгжлийн Шийдлийн талаар эрт мэдсэн бол бизнес ахисан түвшинд байх байсан болов уу гэж бодогдсон үе бий ч, оройтоогүй байгааг хөтөлбөрийн зөвлөхүүд мэдрүүлж, урам зориг өгдөгт их талархдаг гэж яриагаа өндөрлөв. 

Товч мэдээлэл

 

Бизнесийн төрөл: Зөөлөн оёдол 

Бүтээгдэхүүний онцлог: Бүх төрлийн европ, монгол хувцас

Хаяг: УБ хот, Чингэлтэй дүүрэг 5-р хороо 12- байр В1 давхар 

Утас: 99252707

И-мэйл: oyunpildulam@gmail.com

Фэйсбүүк хуудас: Пилдулам Оюун