“Манай бүтээгдэхүүнийг нэг авсан хүн заавал дахин ирж авдаг”

“Тавлаг зөөлөн” ХХК-ийн үүсгэн байгуулагч Ч.Чулуунцэцэг

Ч.Чулуунцэцэг хэмээх энэ бүсгүй найман хүүхэдтэй айлын том охин бөгөөд булчингийн төрөлхийн сул хөгжлийн улмаас 2012 оноос хөл нь биеэ даахаа больж, тэргэнцэрт суухаас аргагүй болжээ. Тэрбээр энэ бэрхшээлийг үл тоон, өөрийгөө дайчилж, хөл дээрээ муухан ч гэсэн явдаг байхдаа сувилагчийн мэргэжил эзэмшиж, ЭХЭМҮТ-д таван жил мэргэжлээрээ ажилласан туршлагатай нэгэн. Харин бизнесийн хамтрагч дүү нь Ч.Чулуунцэцэгтэй адил өвчтэй хэдий ч аравдугаар ангиа төгсөөд л группэд орсон тул мэргэжил эзэмшиж, нийгмийн харилцаанд оролцох боломжгүй байжээ.

Ч.Чулуунцэцэг айлын том хүүхэд тул дүү нараа өсгөхөд ээж, аавдаа туслах ёстой гэж багаасаа л өөрийгөө дайчлан, аль боломжоороо ажил, хөдөлмөр эрхэлж, өрхийн орлогодоо хувь нэмэр оруулдаг байв. Боорцог хайрах, дэлгүүрт худалдагч хийх зэргээр өөрийн бололцоонд тохирох ажлуудыг голж, төвөгшөөлгүй хийж яваад, тэргэнцэрт сууж, өөрийн дураар хөдөлж чадахгүй болсон үеэс эхлэн гэрээр бага сага оёдол хийх болжээ. Оёсон зүйлсээ таньдаг хүмүүс, хамаатан садандаа борлуулдаг байсан хэдий ч хангалттай орлого олохгүй байж. Тиймээс хэрхвэл дээр талаар бусдаас зөвлөгөө авч, борлуулалтаа өсгөхийн тулд байгууллагуудтай хамтарч ажиллах хэрэгтэй. Үүний тулд аж ахуйн нэгж, байгууллага байх шаардлагатай юм байна гэдгийг ойлгож, 2022 оноос “Тавлаг зөөлөн” ор хөнжлийн цагаан хэрэглэл, гудасны углаа, уут гэх мэт шулуун оёдолд суурилсан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниа байгуулжээ. Одоо хөгжлийн бэрхшээлтэй дүү болон хоёр асран халамжлагч, өрх толгойлсон, олон хүүхэдтэй ээж болох үеэл дүү зэрэг өөр байгууллагад байнгын ажил эрхлэх боломжгүй таван хүнийг ажлын байраар хангаж, хууль ёсны дагуу татвар, шимтгэлээ төлөн үйл ажиллагаагаа явуулж байна. 

Тэрбээр “Бидэн шиг хүмүүсийн хувьд гадуур, дотуур явах нь бэрхшээлтэй, хөдөлгөөн удаашралтай, бас таваараа ажиллахгүй бол эрүүл мэндийн байдал дордчих гээд байдаг. Тиймээс бид эрүүл хүмүүстэй өрсөлдөж, ижил бүтээмж гаргах бараг боломжгүй ч өөрсдийнхөө хэмжээнд хөдөлмөрлөөд, амьдралаа бусдын гар харахгүйгээр авч явахыг хичээдэг. Бид чадлаараа бүтээгдэхүүнээ чанартай, сайн үйлдвэрлэж байгаа ч хэрэглэгчдэд хүргэж, байнгын захиалга авахад хүндрэлүүд их гарч байна. Манайх одоогоор үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүдийнхээ дийлэнхийг онлайнаар заруулдаг ч  их хэмжээгээр худалдаж авдаг сургууль, цэцэрлэг, эмнэлэг, сувиллын газруудтай хамтран ажиллаж, нийлүүлэгч нь болж, хөгжлийн бэрхшээлтэй илүү олон хүнийг ажлын байраар хангах юм сан гэж мөрөөддөг. Татвар төлөгчдийн мөнгөөр хийж буй төрийн худалдан авалтуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхэлж буй бизнесүүдийг дэмжиж, давуу эрх олгодог болбол бидний бизнес тогтворжоод ирнэ. Бас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихийн тулд нийгмийн даатгалын шимтгэл, татварын бодитой хөнгөлөлтүүдийг өгдөг болчихвол ажил олгогчид дуртайяа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд боломж олгоно” хэмээлээ.

Ч.Чулуунцэцэг захирал 2016 онд “Хөгжлийн Шийдэл” ТББ, Азийн сан болон КОЙКА-гаас хэрэгжүүлсэн Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв (БЭЭТ)-ийн  сургалтуудад нь хамрагдаж, амьдралаа өөрчлөх итгэлтэй болж эхэлжээ. Улмаар “Хөгжлийн Шийдэл” ТББ-аас АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй BEST хөтөлбөрийн талаар мэдэж, 2021 оноос сургалт, үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцож, зээлийн зуучлалын болон бизнесийн зөвлөгөө авснаар хөнгөлөлттэй зээл санхүүжилтүүд авсан байна. Тодруулбал, “Инвескор” банк бус санхүүгийн байгууллагаас жилийн 4.8 хувийн хүүтэй 30 сая төгрөг, ХНХЯ-ны Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих төвөөс 20 сая төгрөгийн хүүгүй, 36 сарын хугацаатай зээлийг тус тус авч чаджээ. Энэ тухайгаа тэрбээр “Зээлийн санхүүжилтээрээ олон үйлдэлт цахилгаан машин, багаж хэрэгсэл авч, тоног төхөөрөмжүүдээ сайжруулан, түүхий эд, бараа материалын нөөцөө бэлтгэсэн. BEST хөтөлбөрийн сургалт, санхүүгийн зуучлал, бизнесийн зөвлөх үйлчилгээний үр дүнд манай компани байгуулагдсан юм. Өмнө нь дүү бид хоёр, мөн хоёр асран хамгаалагчийн маань аль боломжтой нь тогтмол бусаар оёдол хийдэг байсан бол одоо үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж, нэг ажлын байр шинээр бий болгосон. Гарц, бүтээмж ихэссэн тул борлуулалт ч нэг дахин нэмэгдсэн” хэмээн ярилаа. 

Өмнө нь зээлээс үхтлээ айдаг байсан тэрбээр BEST хөтөлбөрөөс заасан олон чанартай, бас хэрэгцээтэй сургалт, зөвлөгөөнүүдээс бизнесийн төлөвлөлт хийж, санхүүгийн үр ашгаа тооцоолж сурсан тул зөв ашиглаж чадвал зээлээс айх хэрэггүй гэдгийг ойлгожээ. Одоо бол бага хүүтэй зээл олдвол аваад, бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлж, түүхий эдийн сонголтоо арвин болгосон нь дээр гэж үздэг болсон байна.

Ч.Чулуунцэцэг “Надтай ижил бэрхшээлтэй хүмүүс бизнес эрхлэх нь байтугай, ажил хийх нь бага тул ямар нэг зүйл хийж, бүтээж чадна гэх итгэлгүй болчихсон байдаг нь нийтлэг. Уг нь хүн өөрөө хүсээд, нийгмийн харилцаанд өөрийгөө гололгүй оролцоод, учраа олох гэж хичээвэл боломж зөндөө байдаг. Хөгжлийн Шийдэл ТББ-ын зөвлөх үйлчилгээ нь миний амьдралыг тэр чигээр нь өөрчилж намайг өөртөө итгэлтэй, зорилготой болгосон юм. Гарааны бизнесийн хувьд гарч болох бэрхшээлүүдийг урьдчилан мэдэж, зөвлөхүүдийн тусламжийг тогтмол авч байгаа нь маш их үр дүнтэй байдаг. Санхүүжилтэд хамрагдах боломжийг нээж өгөхөөс гадна авсан санхүүжилтээ үр дүнтэй ашиглах чадамжийг суулгаж өгсөн BEST хөтөлбөрийн хамт олонд би маш их баярладаг. Гэртээ зүгээр суухаар биеэ чагнаад, өвдөөд байгаа юм шиг байдаг бол одоо ажил хийгээд, завгүй болчихоор өвчин, зовлонгоо мэдрэхгүй, мартдаг болсон. Ер нь би чадаад байхад надтай ижил бэрхшээлтэй ч бай, үгүй ч бай та нарт боломж дүүрэн байгаа. Яаж, хэрхэн эхлэхээ мэдэхгүй байгаа бол BEST хөтөлбөрт хандаарай. Та нарыг ч ажилтай, орлоготой болоход BEST хөтөлбөрийнхөн тусалж чадна гэдэгт би 100 хувь итгэлтэй байна” гэснээр бидний яриа өндөрлөсөн юм.

Товч мэдээлэл

 

Бизнесийн төрөл: Ор хөнжлийн даавуу үйлдвэрлэл

Бүтээгдэхүүний онцлог: Чанартай зөөлөн хөвөн даавуун бүтээгдэхүүн

Хаяг: УБ хот, Хан-Уул дүүрэг

Утас: 94499669

И-мэйл: sugar8894@yahoo.com

Фэйсбүүк хуудас: Тавлаг